TomYo-ийн вэб сайтын “Блог” нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжлийн талаар өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болохыг хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.

Сайн байна уу, Намайг Б.Отгонтуяа гэдэг. Герман хэлний чиглэлээр суралцдаг бөгөөд Щвейцарь улсад сурч байсан туршлагатай. Та бүхний адилаар суралцаж, хөгжихийг хичээж яваа учраас мэдлэг, туршлагаа хуваалцахаар шийдсэн юм.
Миний хувьд та бүхэнд өмнөх блогоороо хэрхэн амжилттай CV-тэй болох талаар өөрийн мэдлэг туршлагаа хуваалцсан бол энэ удаад Германд улсад сурах арга замуудын талаар бичихээр шийдлээ.
Их, дээд сургууль
Та Германд сурах хүсэлтэй ч Монголын аль нэг их, дээд сургуульд суралцдаг бол хамгийн түрүүнд таны сурч буй сургууль Германд зөвшөөрөгдсөн эсэхийг заавал шалгаарай. Монголын их сургуульд 4 семестр болон түүнээс дээш хугацаагаар суралцсан бол Германы их сургуулийн бакалаврын зэрэгт 1-р курсээс элсэн орох боломжтой. Үүний тулд та 850 цаг Герман хэл үзсэн байх шаардлагатай бөгөөд хэлний мэдлэгээ бататгасан сертификаттай байх нь давуу талтай. Хэрэв та энэхүү шаардлагыг бүрэн хангаж чадахгүй бол хэлний курсэд суралцах боломжтой.

Та ямар сургууль, ямар мэргэжил сонгохоо илүү нарийн судалж мэдэхийг хүсэж байгаа бол das-richtige-studieren гэсэн хуудсаар ороорой. Үүнээс та хайж буй мэргэжилтэйгээ холбоотой бүх мэдээллийг олж болно. Жишээ нь таны сонирхож буй мэргэжлээр бэлтгэдэг их сургуулиудын жагсаалт, тавигдах шаардлага, карьер гэх мэтээр олон мэдээллийг нэг дор авах боломжтой.

Мэргэжил эзэмших
Ausbildung нь мэргэжлийг онол болон практик хослуулан эзэмших боломжийг олгодог учраас ажлын байранд тулгарах асуудал бага байдаг бөгөөд энэ нь давуу тал болдог. Түүнээс гадна сар бүр зүгээр нэг дадлага хийлгүй тогтмол цалин авдаг. Цалин нь мэргэжил болоод байгууллагаасаа хамаардаг.
Шаардлагатай зүйлс:
- ЕБС төгссөн гэрчилгээ болон Герман хэлний В1, В2 түвшний сертификат
- Мэргэжил эзэмшигч дадлагажуулах буюу практик хэсгээ хийх албан байгууллага олж тухайн байгууллага руу анкет болон хүсэлтээ бөглөж илгээнэ
- Зөвшөөрлийн бичиг болон байгууллагаасаа ирсэн урилгын хамт визэндээ ордог.
Мэргэжил эзэмших байгууллагаа олох боломжтой сайтууд:
Жишээ болгож танд Azubiyo (аппликейшн мөн байдаг) сайтаас харууллаа.
Хайх хэсэгт нь суралцаж буй мэргэжлээ оруулж, дадлага хийх байгууллагаа хайж, өргөдлөө явуулах боломжтой.

Хүүхэд асрагч
Хүүхэд асрагчаар Герман улс руу явахын давуу тал нь бага зардлаар хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд оршихоос гадна соёлтой нь хурдан хугацаанд танилцах боломжийг өгдөг.
Гэрээний нөхцөл:
- Хүүхэд асрагчийн үүрэг даалгаврыг биелүүлэх
- 7 хоногт 30 цаг ажиллах
- 7 хоногийн 1 өдөр бүтэн амрах эрхтэй
- Жилд 4 долоо хоногийн амралт авах эрхтэй
- Сард 260 еврогийн цалинтай
- Зочин гэр бүл хэлний сургалтын төлбөрийг даана
- Виз мэдүүлэх өдөр 27 нас хүрээгүй байх
- Герман хэлний анхан шатны мэдлэгтэй байх
- Ажиллах гэж буй айл насанд хүрээгүй хүүхэдтэй байх
- Виз мэдүүлэгч болон ажиллах айлын хооронд төрөл садангийн холбоогүй байх
- Ажиллах гэж байгаа айлын гэр бүлийн хэл нь Герман хэл байх
Зуучлагч байгууллагын үйлчилгээг зайлшгүй авах шаардлагатай биш хэдий ч чанарын тэмдэгтэй зуучлагч байгууллагуудаар дамжуулан ажиллах айлаа олохыг зөвлөж байна.
Та TomYo аппаас Герман хэлний бүх түвшний хичээлийг үзэх боломжтой. Тиймээс яг одоо аппаа татаарай.

Германы Патент ба тэмдэгтийн албанд (das Deutsche Patent- und Markenamt) бүртгэлтэй зуучлагч байгууллагуудын жагсаалтыг эндээс аваарай. Хэрэв та хэлний мэдлэгээ батлах сертификаттай бол давуу тал болох бөгөөд Монголд одоогоор ганцхан Гёте-Институт л энэ шаардлагад нийцэж байна.
Та хараахан сертификат авч амжаагүй гэхдээ Герман хэлний анхан шатнаас дээш мэдлэгтэй бол виз мэдүүлэхдээ ярилцлага хийж баталж чадвал Герман хэлний сертификат өгөх журмаас чөлөөлдөг. Эсвэл визийн мэдүүлгээ өгснөөс хойш Герман хэлний сертификатыг тодорхой хугацаанд нөхөн өгч болдог бөгөөд ЭСЯ-аас энэхүү хугацааг тодорхой зааж өгдөг.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл блогоо битгий алгасаарай.
Эх сурвалжууд:
Та TomYo аппаас Герман улстай холбоотой бусад бүх чиглэлийн контентыг үзэх боломжтой.
