TomYo хагас сая долларын төлөө Дэлхийн тавцанд өрсөлдөнө

2020-11-02

Жил бүрийн бөмбөрцгийн онцлох гарааны бизнесүүдийг шалгаруулдаг “Seedstars World Competition 2020/21” тэмцээний үндэсний аварга тодруулах шат өнгөрсөн бямба гарагт болж өндөрлөлөө.

Монгол улсын хэмжээнд нийт 40 гаруй стартап тус тэмцээний эхний шатанд өрсөлдсөн бөгөөд эцсийн шалгаруулалтад “Дижитал кредит” зээлийн цахим маркет, “Оnefit” фитнесийн цогц үйлчилгээний аппликейшн, “Crowd asset” анхны олон нийтийн санхүүжилтийн платформ, “Odo shop” онлайн худалдааны аппликейшн зэрэг TomYo-с гадна 4 гарааны бизнес хүч үзсэн юм.

Энэхүү тэмцээнд түрүүлсэн нэг стартап Төв Ази болон Зүүн Европын шилдгүүдтэй 500,000 ам.долларын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөх эрхээ олж авдаг уламжлалтай. Тэгвэл энэ оны тус тэмцээний үндэсний аваргаар “Монгол оюуныг Дэлхийд хүргэнэ” уриатай TomYo-ийн хамт олон шалгарав.

TomYo нь сүүлийн хэдэн сард өөрсдийн аппаараа дамжуулан гадаадад сурахад шаардагдах бүх нөөцийг бүрдүүлээд зогсохгүй боловсролыг тэгш хүртээмжтэй болгох зорилгынхоо хүрээнд 5 аймаг, хотын 5000 гаруй хүүхэдтэй уулзаж Дэлхийн боловсролыг эзэмших боломжуудын талаар ярилцсан юм.

Одоогийн байдлаар 60000 гаруй хэрэглэгчтэй явж буй TomYo аппаараа дамжуулан бид тун удахгүй дахин нэг гайхалтай мэдээгээр та бүхэнтэй уулзах болно.